2024.05.06 - 2024.05.10

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Би бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрч чадна. Хүн бүр бүтэлгүйтдэг. Гэхдээ би оролдлогогүй зүгээр суухыг хүлээн зөвшөөрч чадахгүй."

- Майкл Жордан

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,991.12 нэгжид хүрч, 0.08%-ийн бууралттай хаагдлаа. Томоохон компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан нийтлэгдэж дууссан тул зах зээл тогтворжсон байдалтай байна. Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 4-р сард 6.4%-д хүрч буурлаа. Уг үзүүлэлт нь 2021 оны 5-р сараас хойших хамгийн доод түвшин болж байна. Улсын зорилтот инфляцын түвшин 6.0% бөгөөд зорилтот түвшинд ойртож ирлээ. Бидний хувьд Монголбанкийг 2024 онд дахин хоёр удаа 1.0%-иар бодлогын хүүгээ бууруулах боломжтой гэх төсөөлөлтэй байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500 индекс өнгөрөгч долоо хоногт өссөнөөр гурван долоо хоног дараалж өсөж бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчлэхэд ойртлоо. Үнэ цэнтэй ангиллын хувьцаанууд өсөлттэй ангиллын хувьцаануудаас илүү өндөр өсөлтийг үзүүллээ. Уолт Диснейн компанийн хувьцааны ханш Мягмар гарагт 9.5%-иар буурлаа. Тус компанийн ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давсан хэдий ч онлайн стриминг захиалагчдын өсөлт удааширч болзошгүйг анхааруулсан нь хувьцааны ханш буурахад нөлөөллөө. Үүнтэй адилаар Shopify компанийн хувьцааны ханш 18.6%-иар буурсан ба энэ нь тус компанийн борлуулалтын орлого буурах хүлээлттэй байгаатай холбоотой байлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын хувьцаат компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон томоохон төв банкнууд дараагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаатай холбогдуулан Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч долоо хоногт 3.01%, FTSE 100 индекс 2.68% тус тус өсөлттэй хаагдлаа. Английн төв банк өнгөрөгч долоо хоногт бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгаллаа. Бидний хувьд Английн төв банкийг 2024 оны 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда иений ханшийн үргэлжилсэн сулралын нөлөө тус улсын санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгааг онцолж шаардлагатай бол бодлогын хүүг дахин өсгөх тухай дохио өглөө. Хүүгийн түвшин ойрын хугацаанд дахин өсөж болзошгүй байгаа нь хувьцааны зах зээлийн уналтад голлон нөлөөллөө. Nikkei 225 индекс 0.02%, TOPIX индекс 0.01% тус тус бууралттай хаагдлаа.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан БНХАУ-ын зах зээл 5 сарын 1-ээс 5 сарын 5-ыг дуустал амарсан билээ. Амралтын өдрүүдэд зах зээл дэх худалдан авалт ихэссэн бололтой. Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр тус 5 өдөр аялал жуулчлалын борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос 7.6% өссөн үзүүлэлттэй гарчээ. Зах зээлд эрэлт нэмэгдсэний улмаас тус улсын хувьцааны зах зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.60%, CSI 300 индекс 1.72%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын экспорт 2024 оны 4-р сард жилийн өмнөх мөн үеэс 1.5% өссөн үзүүлэлттэй гарлаа. Импорт мөн адил 8.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын гадаад худалдааны тэнцэлийн ашиг 2024 оны 3-р сард 58.55 тэрбум ам.доллар байсан бол 4-р сард 72.35 тэрбум ам.доллар болж өслөө.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.50%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.90%-д буюу өөрчлөлт багатай хаагдлаа. Япон улсын төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нь иений ханшийн сулрал нь инфляцын түвшний өсөлтөд нөлөөлж эхлэх юм бол бодлогын хүүг дахин өсгөх болно хэмээн мэдэгдээд байна.
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.68%-7.27%-ийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.29%, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.32%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр 12.0%-ийн өгөөжтэй, 3 жилийн хугацаатай бонд 11.90%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОНД АРИЛЖААЛЛАА

 2024.05.10


Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр 12.0%-ийн өгөөжтэй, 3 жилийн хугацаатай, нийт 300 сая ам.долларын бондын санхүүжилтийг амжилттай босголоо.

Тус бондын купон 11.0% боловч анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон хөрөнгө оруулагчдад бондын нэгжийн үнийг 97.541 ам.доллар дээр санал болгож хөрөнгө оруулагчдын өгөөжийг 12.0%-д тэнцүүлсэн юм. Бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3 (stable) by Moody’s; B (stable) by S&P байна.

Голомт Банк ХК нь уг эх үүсвэрээр Монголбанктай төгрөгийн своп арилжаа хийх замаар өөрийн үндсэн бизнесээ тэлэх зорилготой байна.

Хэрэв та Голомт Банк ХК-ийн шинэ бондод хөрөнгө оруулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.


Дэлгэрэнгүй

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 2024.05.07 


ХасБанкны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах зорилгоор “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг ХасБанкинд нэгтгэх хэлбэрээр ХасБанкийг өөрчлөн байгуулах тухай” шийдвэр гаргасан байна.


Хэрэв ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигч, уг өөрчлөн байгуулах асуудлаар эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол Компанийн тухай хуулийн 24.1 болон 53.1 дэх хэсэгт заасныг дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг ХасБанкнаас шаардах эрхтэй болохыг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан болно.


Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ:                  681.52 төгрөг


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Инфляц IV сард 6.4 хувьтай гарч, сүүлийн 3 жилийн доод түвшинд очлоо. Гэхдээ..

 2024.05.09 


Инфляц дөрөвдүгээр сард 6.4 хувьтай гарч, 2021 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрснийг ҮСХ мэдээллээ. Ийнхүү инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж буй ч цалингийн өсөлт, мөнгө тараалт зэрэг нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлж магадгүйг ОУВС тайландаа онцолсон юм. 


Дэлгэрэнгүй

Экспорт I-IV сард өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурч, импорт 30 хувиар өсөөд байна

 2024.05.07 


Оны эхний дөрвөн сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.3 тэрбум ам.доллар болж,  өмнөх оны мөн үеэс найм орчим хувиар өссөн байна. Харин гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.


Дэлгэрэнгүй